Хүнтэй гар барьж мэндлэхдээ юуг анхаарах вэ?
Улс үндэстэн бүрт өөрийн гэсэн мэндлэх хүндлэх ёсон гэж байдаг. Тэдгээрээс орчин үед хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа мэндчилгээ нь гар барилт юм.
Гар барьж мэндлэх ёсыг анх англо-саксчууд бий болгожээ. Ромчууд гараа зүрхэн талаасаа эхлэн өргөөд алгыг нь дээш харуулан бага зэрэг бөхийж мэндчилдэг, хятадууд мэндлэхдээ толгойгоо яльгүй унжуулж өөрийн гутлын хоншоорыг ширтдэг, харин грекчүүд баруун гараа зүрхэн дээрээ тавьдаг байжээ. Энэ бүхэн өнөөдрийн та бидний амьдралд хадгалагдан үлдэж, бид бие рүүгээ толгой дохиж, гараа даллаж, гараа зүрхэн дээрээ тавьж мэндэлж л байдаг. Гэхдээ хамгийн түгээмэл мэндчилгээний хэлбэр бол яах аргагүй гар барилт гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэсэн ч гар барих соёлыг бид бүрэн дүүрэн мэддэг бил үү. Шал нойтон гараа сунгах, эсвэл бүсгүйчүүдийн гарыг хэтэрхий чанга атгах зэрэг бүдүүлэг алдаа манай залуусын дунд нэлээдгүй байдаг.
Бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд эрчүүдтэй адилхан хувцаслаж, суудал тавьж өгөөгүйд гомдоллохоо больж, тэр ч байтугай зоогийн газарт ч заавал эрчүүдээр “даалгахаа” больсон гэдгийг та анзаараа байлгүй. Ихэнх тохиолдолд бүсгүйчүүд эрчүүдтэй энгийн найрсгаар гар барьж мэндэлдэг болсон. Гэсэн ч энд боловсон ёсны нэгэн бичигдээгүй хууль үйлчилсээр байгаа билээ. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн уулзахад эрэгтэй нь түрүүлж гар сунгах нь бүсгүйг хүндэлж буй хэрэг юм. Өөртэй чинь мэндлэхээр сунгасан гарыг нь анхааралтай хараарай. Гарынхаа хуруунуудыг доош нь яльгүй нугалж, бугуйгаар нь сулавтар унжуулсан байвал та гарыг нь үнсэх ёстой гэсэн үг. Эмэгтэй хүний ердийн сунгасан гарыг үнсэж мэндлэхэд болохгүй зүйл үгүй ч харин үнсүүлэхээр өгсөн гарыг нь зүгээр атгаж мэндэлбэл та түүнийг эвгүй байдалд оруулж, өөрөө ч соёлгүй гэж тооцогдох болно. Түүнчлэн бүх хүний гар барилт адил биш байдаг байна. Олонхи нь найрсаг, зохих хэмжээнд чангавтар атгасан мэндчилгээнд дуртай байдаг. Харин сулхан, мөчид атгалтад хүмүүс, ялангуяа эрчүүд их дургүй. Тодруулахад гар барилт ерөнхийдөө зургаан янз байдаг аж.
Сонгодог
Өөртөө итгэлтэй, мөн ижил төвшний хүмүүс ингэж гар барилцдаг. Ямар нэг дургүйцэл, уур хилэн, өөртөө итгэлгүй байдлыг илэрхийлдэггүй энгийн мэндчилгээ. Энэ нь харилцан хүндэтгэл, найрсаг занг илтгэнэ.
Урамшуулсан
Зүүн гараараа уулзсан хүнийхээ бугуйн дээрээс давхар атгаж мэндчилэх нь сэтгэл санаа засч, урам өгч дэмжиж байгаагийн илэрхийлэл болдог. Түүнчлэн уй гашууны үед сэтгэл зовниж, харуусал илэрхийлж байгаагийн дохио юм. Гэхдээ энэ атгалтыг анхааралтай хэрэглэж байгаарай. Байнга ингэж мэндчилбэл таныг “эрээ цээргүй амьтан” гэж дүгнэх болно. Ялангуяа даргатайгаа ингэж мэндчилэх нь тийм ч сайхан санаа биш шүү.
Yлбэгэр
Та гараа сул унжуулсхийн сунгавал, хоржоонтой нэг нь гарыг тань тохуутайгаар үнсэж мэхийн ёслох вий. Учир нь ямар ч тохиолдолд эр хүний гар сул унжиж байх ёсгүй гэнэ. Тэр ч байтугай та 40 каратын алмаазан шигтгээтэй 999 хувийн сорьцтой алтан бөгжөө гайхуулахыг хичээсэн ч, эсвэл тухайн хүнд дургүй гэдгээ харуулахыг хүсч байсан ч ингэж мэндэлбэл муу нэртэй болохоос өөр ашиг олохгүй.
Дээрээс доош Чиглэлтэй
Дээрээс доош чиглэлтэй гар атгалт нь сууж байгаа юм уу, байрлалын хувьд арай доор байгаа хүнийг сэтгэхүйн хувьд эвгүй байдалд оруулдаг байна. Энэ нь тухайн хүнээс болж байгаа биш, ердөө л угаасаа хүний сэтгэл зүйтэй холбоотой аж. Тиймээс нэр алдартай хүмүүс ч өрөөнд нь санамсаргүй байдлаар орж ирсэн зүс таних төдий хэн нэгэнтэй мэндлэхийн тулд заавал суудлаасаа босдог, эсвэл зөрөөд өнгөрсөн хэдэн шатаа буцан өгсч нэг төвшинд ирэх хэрэгтэй болдог байна.
Чанга
Чангахан атгалт найрсаг, нөхөрсөг занг илтгэнэ. Гэхдээ уулзсан хүнээ дуу алдтал атгах нь тийм ч соёлтой занд тооцогдохгүй. Хэт чанга атгалт уур хилэн, өдөөн турхиралтын шинж тэмдэг гэнэ шүү.
Давхар атгалт
Улстөрчид голдуу ингэж гар барьдгийг та лав анзаарсан биз. Гэхдээ хүн бүртэй ингэж мэндэлж болохгүй л дээ. Энэ атгалт нөхөрсөг байдал, сэтгэл хөдлөлийг илэрхийлнэ. Өөртөө итгэлтэй, байр суурь, нэр хүндээ мэдэрдэг хүнд хэрэгтэй мэндчилгээ.
Энэ бүхэн танд хэрэггүй, илүү зүйл мэт санагдаж магадгүй. Гэхдээ нэртэй имижмейкэрүүд яагаад үйлчлүүлэгчдээ хүнтэй зөв мэндэлж, зөв гар барьж сур гэж өчнөөн цагаар зааж зөвлөж, залхууг нь хүргэж байдаг вэ? Ялангуяа эрчүүд, улстөрчдөд олны хүндэтгэл хүлээж өөрийн байр суурийг олоход нэн чухал зүйл учраас тэр. Хэт эзэрхэг чанга, хэт сул дорой, эсвэл хэт сэтгэлийн хөдөлгөөнтэйгөөр гар барих нь бусдыг айлгаж, өөрөөсөө түлхдэг байна. Тийм ч учраас гар барих ёсны талаархи үргэлж мөрдлөг болгохуйц зөвлөмжүүд байдаг. Та тэдгээрийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.
• Хүнтэй гар барихдаа хуруугаа хөдөлгөж болохгүй. Өчүүхэн төдий ч бай хуруугаараа гарыг нь илэх, тогших байдал гаргавал нөгөө хүн тань “Энэ ер нь ямар санаатай этгээд вэ?” гэж дотроо ихэд болгоомжлох болно.
• Гарыг нь алгаараа бүтэн атга. Гэхдээ хэт их хүч гаргаж хэрэггүй. Уулзсан хүн таны өөртөө итгэлтэй, эелдэг, хүчирхэг байдлыг мэдрэх л ёстой болохоос биш гараа өвтгөх ёсгүй шүү дээ.
• Өөртэйгөө ижил болон өөрөөсөө доор төвшний ямар ч хүнд түрүүлж гар сунга. Нөгөө хүн тань мөн ингэж хандах ёстой тул та хоёр яг зэрэг, ижил төвшинд, гол дунд нь гар барьж чадна. Хэрвээ тэр хүн түрүүлж гар сунгавал таныг гар барих хүртэл хэсэг хугацаа өнгөрч энэ нь түүнийг эвгүй байдалд оруулна. Олон удаа ийм байдал давтагдвал та тухайн хүний хүндлэлийг бүрмөсөн алдана гэсэн үг. Харин өндөр албан тушаалтнуудын олонхи нь зарим үед өөрөөсөө доогуур албан тушаалын хүнтэй гар барьж мэндлэх дургүй байдаг тул энэ тохиолдолд та түрүүлж гар сунгалгүй түүнийг анхааралтай харж, гар сунгах үед нь хоцролгүй гар барих хэрэгтэй. Ийм хүмүүс эелдгээр түрүүлж гар сунгаж байгааг тань “долигонуур, хэт увайгүй зантай, боловсон бус этгээд” гэж дотроо дүгнэж магадгүй.
• Та хүнтэй гар барьж мэндлэхдээ ямагт нүд рүү нь эгц харж байгаарай. Гарыг нь атгачихаад газар шагайгаад байвал та ямар нэг далд, муу санаа агуулсан хүн гэж ойлгогдоход хүрч болзошгүй.
Ийнхүү бидний өдөр тутмын мэндчилгээ болох гар барилт нь та бидний санаснаас ч илүүтэй соёлыг агуулдаг байна. Харин та хүнтэй зөв мэндчилж чаддаг эсэхээ хэрэг болгон бодож үзээрэй. Учир нь өнөөгийн нийгэмд хэн нэгэнтэй хэрхэн мэндлэхээс таны ажил хэрэг шалгаалах болно гэдэгт эргэлзэхийн ч хэрэггүй юм.
0 comments:
Post a Comment