Ноён Ялалт ба ноён Уналт
Бидний бодол санааг хоёр мэргэжилтэн хариуцдаг. Тэдний нэгийг нь бид ноён Ялалт, нөгөөг нь ноён Уналт гэж нэрлэе. Ноён Ялалт эерэг, өөдрөг бодлыг бий болгодог. Тэрээр та яагаад ажлаа хийж чадах, яагаад хийх ёстой, яагаад та илүү сайн болж чадах тухай бодол санаа бий болгохдоо мэргэшсэн.
Нөгөө мэргэжилтэн болох ноён Уналт нь сөрөг, басамжилсан бодол санаа үйлдвэрлэдэг.
Ноён Ялалт, ноён Уналтын аль аль нь дуулгавартай ажилтнууд, тэдэнд анхаарал тавихад тэр дор нь хүлээж авдаг. Аль нэгийг нь хөдөлгөөнд оруулахын тулд хамгийн жижиг бодлын дохио л хангалттай. Хэрэв дохио эерэг байвал ноён Ялалт хөдөлгөөнд орж ажиллаж эхэлнэ. Харин дохио сөрөг байвал ноён Уналтыг идэвхжүүлнэ.
Энэ хоёр мэргэжилтэн таны тусын тулд хэрхэн ажилладийг авч үзье. Өөрөө өөртөө "Өнөөдөр ямар муухай өдөр вэ?" гэж хэлээд үз л дээ. Энэ дохио ноён Уналтыг идэвхжүүлж, тэрээр өөрийн зөв болохыг нотлохын тулд танд хэт халуун байгаа тухай, өнөөдөр ажил хэрэг бүтэхгүй, бусад хүмүүс ууртай байгааг, борлуулалт буурахыг, өвдөж магадгүйг, эхнэр чинь бас үглэнэ зэрэг мэдээллүүдийг хэлдэг. Ноён Уналт их нөлөөтэй. Хэдхэн секундэд таныг эргүүлчихнэ. Үнэхээр ч муухай өдөр, таны энэ тухай мэдэхээс чинь өмнө л муу өдөр байсан.
Үүний оронд өөртөө "Өнөөдөр ямар сайхан өдөр вэ?" гэж хэлээд үз. Ноён Ялалт тэр дороо дохиог хүлээн авч танд "Гайхалтай өдөр, агаар цэвэрхэн, тэнгэр цэлмэг, амьдрах ямар сайхан юм бэ? Өнөөдөр зарим ажлаа дуусгачихаж ч болох юм" гэж хэлнэ. Тэртэй тэргүй сайхан өдөр...
Ноён Уналт яагаад Смитэд бараа худалдах боломжгүйг хэлж байхад ноён Ялалт яаж хийхийг харуулдаг. Ноён Уналт танд амжилтанд хүрэхгүй гэж урьдчилан хэлж байхад ноён Ялалт амжилтад хүрэх замыг заадаг. Жишээлбэл ноён Уналт Томыг эсэргүүцэх гайхалтай аргуудыг бэлтгэдэг бол ноён Ялалт танд таалагдах чанар Томд илүү байгааг харуулдаг.
Энэ хоёр мэргэжилтний алинд нь та илүү их ажил өгсөн тэр нь илүү хүчирхэгждэг. Хэрэв ноён Уналтад илүү их ажил өгвөл тэр дор нь шинэ ажилтан нэмж аваад таны оюун ухаанд илүү их талбай эзэлдэг. Эцэст нь бодол санаа бий болгогч системийг бүхэлд нь хяналтандаа авч бодол санаанууд тань тэр чигээрээ сөрөг болж хувирдаг.
Ухаалгаар авч болох арга хэмжээ бол ноён Уналтыг хөөх явдал юм. Түүний хэрэгцээ бидэнд байхгүй. Тэр таны эргэн тойронд тэнүүчилж, "Чадахгүй, юу ч бүтэхгүй" гэх зэргээр үглэхийг нь сонсох хэрэгцээ танд байхгүй. Ноён Уналт танд хүслээ биелүүлэхэд тань туслахгүйгээс хойш хүлж баглаад, хогийн саванд хийчих.
Ноён Ялалтыг байгаа цаг хугацааныхаа 100 хувьд нь ашиглая. Таны бодол оюунд шинэ санаа орж ирэхэд ноён Ялалтад хариуцуул. Тэр танд хэрхэн амжилтанд хүрэхийг зааж өгнө.
0 comments:
Post a Comment