Амжилт ба итгэлийн хүч

Амжилт дандаа эерэг, өөдрөгийг илэрхийлдэг. Амжилт гэдэг бол сайхан орон байр, аялал жуулчлал, санхүүгийн баталгаа, хүүхдүүдээ хамгийн сайн сайхан зүйлсээр хангах зэрэг хувь хүний амьдралын сайн сайхан юм.
Амжилт бас эрх чөлөөтэй байдлыг илэрхийлдэг. Амжилт өөрийгөө хүндлэхийг илэрхийлдэг. Амжилт ялалтыг илэрхийлдэг. Амжилтад хүрэх нь амьдралын зорилго байдаг.
Хүн бүхэн амжилтыг хүсдэг. Бүгд л амьдралаас олдож болох сайн сайхныг хүсдэг. Амжилтад хүрэх итгэл үнэхээр амжилтад хүргэдэг. Итгэлийн хүч чадалд илбэ шид байдаггүй.
Аливаа ажлыг хийж чадна гэж итгэлтэй байж чадвал тухайн ажлыг хийх хүч чадал, эв дүй, эрч хүчийг бий болгодог. "Би үүнийг чадна" гэж итгэсэн бодол санаа "Яаж хийх вэ?" гэсэн асуултыг төрүүлдэг. Итгэлийг мөрөөдөлтэй хутгаж болохгүй.
Ихэнх хүмүүс итгэлийн хүч чадлыг ойшоодоггүй. Амжилтандаа итгэх нь амжилтад хүрэгсдийн цорын ганц зайлшгүй онцлог юм.
Итгэлийн хүч чадлыг эзэмших, энэ чадварыг хөгжүүлэхэд тань туслах 3 зарчмыг бичье.
1.Амжилтын тухай бод. Ялагдлыг март. Ажил хэргийн ертөнцөд ч, гэртээ ч ялагдлын тухай бодлыг амжилтын тухай бодлоор соль. Хүнд байдалд орсон үедээ "Ялагдана" гэхийн оронд "Би ялна" гэж бод. Өөр хэн нэгэнтэй өрсөлдөж байх үедээ "Би хоцрогдсон" гэхийн оронд "Би хамгийн сайн нь" гэж бод. Амжилтын тухай бодох нь амжилтын алхмуудыг төлөвлөхөд уураг тархийг бэлтгэдэг. Ялагдлын тухай бодох нь яг эсрэгээр нөлөөлдөг. Ялагдлыг бодох нь ялагдалд хүрэх бодлуудыг идэвхжүүлдэг.
2.Бодсоноосоо илүү гэдгээ өөртөө байнга сануул. Амжилтад хүрэгсэд бүхнийг чадагчид байдаггүй. Амжилт бүхнийг чадагч, үнэмлэхүй гоц оюун ухаан шаарддаггүй. Амжилтад нууц огт байдаггүй. Түүнээс гадна амжилт азтай байснаас шалтгаалдаггүй. Амжилтад хүрэгсэд өөртөө итгэдэг эгэл жирийн хүмүүс байдаг. Хэзээ ч, хэдийд ч чадвараа хямд үнээр битгий худалдаарай.
3.Сэтгэх цар хүрээгээ тэл. Итгэл үнэмшлийн хүч амжилтын хэмжээг тодорхойлдог. Та өмнөө жижиг зорилго тавьсан бол зөвхөн жижиг амжилтад л хүрнэ. Том зорилгын тухай бодвол илүү их амжилтад хүрдэг. Илүү далайцтай санаа, төлөвлөгөө жижгээсээ илүү хялбар байдгийг бүү мартаарай.
Д.Ж.Шварц "Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг" номоос
0 comments:
Post a Comment